Удирдах зөвлөл

Удирдах зөвлөл:
Тус сургуулийн өөрийн удирдлагын дээд байгууллага нь Удирдах Зөвлөл (УЗ) юм. МБДС-ийн Удирдах зөвлөл анх 1993 онд 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Боловсролын шинэ хуулийн дагуу 2003 онд шинэчлэгдсэн одоогийн Удирдах зөвлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тэрээр тус сургуулийг үүсгэн байгуулагч (55,6 хувийн төлөөлөлтэй), багш–ажилтан, суралцагч, төгсөгчдийн төлөөллөөс бүрдэж байна.

Удирдах зөвлөл нь Боловсролын тухай шинэ хууль (2002-05-03)-ийн 36.11-д заасны дагуу: а). Холбогдох хууль тогтоомжийн дагуу тус сургуулийг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, дүрмийг батлах, өөрчлөх эрх олгох; б). Сургуулийн захиргааны саналд тулгуурлан, түүний бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн нийт хэмжээг тогтоох; в). Хөрөнгө оруулалт, жилийн төсвийн ерөнхий хуваарилалтыг сургалт, эрдэм шинжилгээ-судалгаа, хөрөнгө оруулалт мэтийн тулгуур зарим үзүүлэлтээр нь нэр заан баталж, зарцуулалтад нь хяналт тавих; г). Зохих журам, нийтлэг жишгийг үндэс болгон, сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээг зөвшиж тогтоох; д). Сургуулийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх; е). УЗ-ийн үйл ажиллагааны талаар Үүсгэн байгуулагч (ҮБ)-д тогтмол мэдээлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Захиргааны зөвлөл:
Захирал сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, шийдвэр гаргах, хяналт тавих зорилгоор санал солилцох, зөвлөн хэлэлцэх эрх бүхий Захиргааны зөвлөл байгуулж ажиллуулдаг. Захиргааны зөвлөлийн үрэлдэхүүнийг захирал томилж, 14 хоног тутамд урьдчилан товлосон тодорхой өдөр, цагаас зарлан хуралдуулдаг.

Захиргааны зөвлөлийн бүрэлдэхүүнд захирал, дэд захирал, сургалтын алба, тэнхим, санхүү аж ахуйн алба, үйлчилгээний нэгж хэсгийн дарга (эрхлэгч) нар албан ёсоор орохоос гадна шаардлагатай үед багш, ажилтан, оюутны бие төлөөлөгч оролцуулж, өргөтгөсөн хэлбэрээр холбогдох үйл ажиллагаагаа зохион байгуулна.

Захиргааны зөвлөл нь: Сургуулийн удирдах зөвлөл, эрдмийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, cургуулийн хөгжлийн ойрын зорилтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдсон удирдлага, зохион байгуулалт, санхүү, аж ахуйн асуудлыг шийдвэрлэх, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, багш, ажилтан, оюутнуудын нийгмийн асуудлыг оновчтой шийдвэрлэхэд голлон анхаарч ажилладаг.