Захирлын мэндчилгээ

Монгол Бизнес дээд сургууль нь 1991 онд төрийн бус өмчид тулгуурлан анхны хувийн сургууль болон үүсгэн байгуулагдсанаас хойш 24 жил болж байна. Энэ хугацаанд 1700 гаруй оюутныг эдийн засаг, менежмент, нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн бизнесийн удирдлагын бакалавр, магистрын зэрэгтэй бэлтгэн гаргасан. Одоо тус сургуульд 560 гаруй оюутан, магистрант суралцаж, багшлах бүрэлдэхүүнийг 40 орчим эрдмийн зэрэг цолтой багш нар бүрдүүлж байгаагаас 30 гаруй хувь нь доктор, профессор юм.
"Төгсөгчдийн холбоо"-ноос хийсэн судалгаагаар Монгол Бизнес дээд сургуулийн төгсөгдчийн ажил эрхлэлтийн хувь жил бүр өсөн нэмэгдэж сүүлийн 5 жилд төгсөгчдийн ажил эрхлэлтийн дундаж үзүүлэлт 74,9 хувь, үүнээс нягтлан бодох бүртгэл хөтөлбөрөөр төгсөгчдийнх 86,4 хувь болсон байна.

Манай сургуулийн Гадаад хэлний тэнхим нь Япон улсын Токушима их сургуультай хамтран ажилладаг бөгөөд эх орондоо Япон багш нараас онлайн хичээлээр хэл сурах боломжийг суралцагчиддаа олгоод 3 жил болж байна. Мөн харилцан багш, оюутан солилцож тус орны соёлтой танилцаж, хамтарсан оюутны эрдэм шинжилгээний олон улсын бага хурлыг хурлыг 2009 оноос зохион байгуулж байна.

Мэргэжил дээшлүүлэх болон судалгааны семинар зохион байгуулах, эрдэм шинжилгээний бүтээлийн үзэсгэлэн гарган сурталчлах, багш оюутны эрдэм шинжилгээний ээлжит хурал болон их дээд сургуулиудын дунд "Шинэтгэл" эрдэм шинжилгээний хурлыг 2001 оноос хойш тогтмол зохион байгуулж байна.

Монгол бизнес дээд сургууль нь сургуулийн удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагаандаа "Сурлага-Сахилга-Санаачилга-Судалгаа" гэсэн "Дөрвөн С"-ийн зарчим баримталж ирсэн бөгөөд 2011-2012 оны хичээлийн жилээс "Бүх талын боловсрол олгох 5 талт зарчим"-ыг баримтлан боловсрол олгох хөгжлийн шинэ хандлагыг дэвшүүлэн ажиллаж зохих үр дүнд хүрч байна.

Бидний үйл ажиллагааны талаар сонирхон, хамтран ажиллаж буй хүмүүстээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, цаашдын ажилд тань амжилт хүсье.

Захирал Э.Энхтайван Профессор