Гадаад Хэлний Тэнхим нь 1991 онд байгуулагдсан тус сургуулийн анхны тэнхим юм.Тус тэнхим нь Д.Гантөмөр, Д.Борхүү, О.Адъяа нарын 3 багшийн бүрэлдхүүнтэй ажиллаж эхэлсэн бөгөөд тэнхимийн анхны эрхлэгчээр багш Д.Гантөмөр ажиллаж байв.

1994 оноос тэнхимийн үйл ажиллагаа өргөжиж гадаад багш нар ажиллаж эхэлсэн байна. Үүнд: Betsy Collins, Eric Mercer, Mrs. Smiths, Douglas, Thomson, Мария Кенжибекова, Людмила Тихомирова, Галина Барамыкова, Масако, Сэнзай, Чои Соү нарын багш нарыг дурьдахад таатай байна.

Гадаад хэлний тэнхим нь багш, оюутны гадаад хэлний мэдлэг, тэдгээрийн хэлний боловсрол, хэрэглээний ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр голлон ажилласаар ирэв. 2005 оноос эхлэн 4-р курсд япон, хятад хэлийг сонгон судлах хичээлийн хөтөлбөрт оруулсан ба орчин үеийн сургалт, судалгаанд нийцсэн англи, орос, япон хэлний мэдлэгийг эзэмшүүлэх чиглэл баримтлан ажиллаж байна.Мөн багш, оюутны санаачилгаар “Англи хэлний олимпиад”, “Гадаад дууны баяр”, “Япон хэл-Япон соёл” сурталчлах өдөрлөг зэрэг олон нийтийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирлээ.

Энэ хугацаанд оюутан суралцагсдад ерөнхий англи хэл ба мэргэжлийн англи хэл, бизнесийн англи хэлний хичээлүүдээр дамжуулан эзэмшсэн мэдлэгээ ахуйн болон бизнес, мөн мэргэжлийн орчинд хэрэглэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Гадаад хэлний тэнхим нь 6 багшийн бүрэлдэхүүнтэй бөгөөд багшлах бүрэлдэхүүний хувьд 3 дэд профессор, 1 магистр, 2 магистрант багштай. Багш нарын 50% гаруй нь гадаадын их, дээд сургууль болон Монголын томоохон сургуулиудад магистр болон мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан бөгөөд мэргэжлээрээ 4-34 жил ажиллаж байгаа дадлага туршлагатай багш нар юм.

Тэнхимийн үндсэн чиг үүргийн хүрээнд өдөр, орой, эчнээ , магистрын хөтөлбөрүүдэд орчин үеийн хэлний болон сургалтын аргазүйд суурилсан англи хэлний сургалтыг суралцагчдын мэдлэгийн түвшинд тулгуурлан зохион байгуулж байна. Тус сургуулийн гадаад харилцаа өргөжихийн зэрэгцээ сүүлийн 5 жил Японы Токушимагийн Их Сургуультай хамтран Багш нарын эрдэм шинжилгээний бага хурал, Оюутны эрдэм шинжилгээний бага хурал, оюутанд зориулсан Япон, Англи хэлний оnline хичээлүүдийг явуулахын зэрэгцээ жил бүр шилдэг сайн оюутнуудаа Япон улсын Токушима Их сургуульд оюутан солилцоогоор явуулж байна.
Бидний эрхэм зорилго
Манай тэнхимийн гол зорилго нь даяарчлалын өнөө үед гадаад хэлний чиглэлээр түлхүү анхаарч оюутан залуучуудын гадаад хэлний мэдлэгийг системтэй дээшлүүлэх, тэднийг дэлхийн стандартанд нийцэхүйц дадал чадвар эзэмшүүлэх, мэргэшиж буй чиглэлээрээ гадаад хэлний зохих хэмжээний мэдлэгийг эзэмшсэн чадварлаг мэргэжилтэн болгон төлөвшүүлэхэд сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах явдал юм.

Тэнхимийн эрхлэгчээр:

1991-1999 Д.Гантөмөр

1999-2000 Ж.Түдэв

2000-2001 О.Адъяа

2001-2006 Ж.Энхбаяр

2006-2007 Б.Жигжидсүрэн

2007-2011 Д.Борхүү

2011-2012 Ц.Болормаа

2012-одоог хүртэл Э.Амгалан багш нар тус тус үр бүтээлтэй ажиллаж байна.

2015.05.17 read count: 544